Трамп Афганистаны дайныг эцэс болгоно | News.MN

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп удахгүй Талибан болон Афганистаны Засгийн газартай бараг 20 жил үргэлжилсэн дайнаас цэргүүдээ татах гэрээнд гарын үсэг зурах гэж буйгаа мэдээллээ.

Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Катарын нийслэл Дохад очин, Талибантай байгуулсан гэрээнд гарын үсэг зурахыг гэрчилж, Батлан хамгаалахын яамны нарийн бичгийн дарга Марк Эспер Кабулын Засгийн газартай хамтарсан тунхаглал гаргана хэмээн Трамп өчигдөр /2020.02.28/ зарлажээ.

“Хэрвээ Талибан болон Афганистаны Засгийн газар гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрвөл бид Афганистаны дайныг эцэслэж, цэргүүдээ төрсөн гэрт нь эргүүлэн авчрах боломжтой болно” хэмээн Трамп ярьжээ. Трампын санал болгож буй нөхцөлүүдэд “Шинэ Афганистаны энх тайван урт удаан оршин тогтнохын тулд хамгийн чухал алхмууд бол Аль-Кайда, ISIS тэргүүтэй энх тайвныг үл сахигч алан хядагч бүлэглэлүүдээс чөлөөлөгдөх явдал бөгөөд Афганистаны бүх ард түмэн энх тайван байдлыг чандлан сахиж, шинэ ирээдүйгээ бүтээх явдал юм” хэмээн тодорхойлсон байна.

Харин Помпеогийн хэлснээр хэлэлцээ одоогийн байдлаар Афганистанд буй 13 мянган америк цэргийг эх оронд нь эргүүлэн авчрах, Талибан болон Кабулын Засгийн газрын хооронд гэрээ байгуулах нөхцөлийг хангах тал дээр илүү ач холбогдолтой аж. Хэрвээ хоёр тал хэлэлцээнд гарын үсэг зурвал Трамп 2016 оны мөрийн хөтөлбөрийн дайныг төгсгөх бас нэг том амлалтаа биелүүлж буй хэрэг юм. Тэрбээр энэ ажлыг 2017 оны наймдугаар сард эхлүүлснээс хойш шаргуу хичээсээр өдийг хүрчээ.

Трамп ийнхүү мэдэгдлээ Америкийн ард иргэдийн эрүүл энх, сайн сайхны төлөө өөрийн амь бие, гэр бүлийн бүтэн байдлыг золиослон байж Афганистанд үнэнчээр, эр зоригоор энх тайвны төлөө хүчин зүтгэж байгаа бахархам эрэлхэг цэрэг дайчдадаа баярласан талархсанаа илэрхийлснээр өндөрлөлөө.

Албан ёсны эх сурвалжаас авсан мэдээллээс үзвэл Афганистанд өрнөсөн 19 жилийн дайнд эрэлхэг төлөөлөгч, цэрэг нийлсэн 6000 америк хүн амь үрэгджээ. 2001 оны есдүгээр сарын 11-нд алан хядагчид дэлхийн худалдааны төв болон Пентагон руу довтолсноос сар хүрэхгүй хугацааны дараа буюу 2001 оны аравдугаар сард анхны цэргүүд Афганистан руу илгээгдэж байв. Довтолгоонд Аль-Кайда болон удирдагч Осама Бин Ладенг буруутгахын зэрэгцээ Талибан, Афганистаны Засгийн газрыг тэднийг хаацайлсан хэмээн буруутгаж байв. Талибаныг 2001 оны арванхоёрдугаар сард дарсны дараа ерөнхийлөгч асан Жорж Буш цэргүүдэд өгсөн даалгавраа өшөө авалтаас сэргээн босголт болгон өөрчилсөнд цэргүүд хэзээ гэртээ харих нь тодорхойгүй хэвээр үлдсэн юм. 2011 онд Бин Ладенг Пакистанаас олж хөнөөсөн билээ.

Эх сурвалж: rt.com

“Болор дуран”-аар шалгав.

Original content at: https://news.mn/
Authors:

Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *